Бүсгүйчүүдийн цаг төлөвлөлтийн нууц жор

Өглөө хичнээн ч эрт босоод бүсгүйчүүд бид нүүрээ будах, үс зүсээ янзалж гоёж гоодох, гэрийнхэндээ өглөөний цайг нь бэлдэж өгөх гэх мэт өдөр тутмын амьдралд зайлшгүй биелүүлэх ёстой хэдий ч төдийлөн хэрэгцээгүй зүйлд цаг заваа зарцуулах нь их байдаг.

Заримдаа таньд хоногийн 24 цаг ажил амьдралаа зохицуулахад хангалтгүй санагддаг уу? Магадгүй дээрх асуултанд та “тийм” гэсэн хариултыг өгсөн бол бүсгүй танд цаг төлөвлөлтийн нууц жорыг дэлгье.

1. Юун түрүүнд өөрт олдох үнэт цаг хугацаагаа юунд зарцуулж буйгаа тодорхойл.
Ингэхдээ тэмдэглэлийн дэвтэр дээр өдрийн хэдэн цагийг юу юунд зарцуулдгаа жагсаагаарай. Жагсаалтын чинь ихэнхийг ямар ч шаардлагагүй зүйлс эзэлж байна уу, эсвэл өөрт ашигтай зүйл эзэлж байна уу? Дүн шинжилгээ хийгээрэй. Үүнд ажлын хүүхнүүдийн хов жив ярьдаг цаг, өглөө гэрээсээ гарахдаа хэр удаан толины урд эргэлддэг чинь ч багтана шүү. Ингээд тодорхой хугацааны дараа тухайн тэмдэглэлээ бүгдийг нь дүгнэхэд хамгийн их цаг зарцуулдаг ажлууд харагдахаас гадна яг ямар хэрэггүй зүйлд үнэт хормоо зарцуулаад байгаа чинь гарч ирэх болно.

2. Дараагийн жор-Чи цоо шинэ төлөвлөгөөгөө боловсруулах ёстой.
Маргаашийн, дараа долоо хоногийн, ирэх сарын гээд бүхий л яаралтай чухал бүхнээ тэмдэглэчихсэн байхад мартанаа л гэж байхгүй. Мэдээж хамгийн жижиг хэсэг болох нэг өдрийн төлөвлөгөө нь богино хугацааны зорилтын салшгүй нэг хэсэг нь болдог Мөн дунд зэрэг хугацааны зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байдаг. Тиймээс тухайн өдрийнхөө төлөвлөгөөг хийж чадахгүй л бол хэзээ ч түүнээс том зорилгодоо хүрч чадахгүй гэсэн үг. Өдөр өдөрт нь төлөвлөгөө гаргаад сурчихвал, дараа нь долоо долоо хоногоор нь төлөвлөж сурна. Тэгвэл чухал ажлыг өмнөх өдөр нь гэнэт санаж самгардахгүй, бүх юмаа хуваарилж чаддаг болно.

3. Хамгийн ашигтай, хамгийн зугаатайгаас нь эхлээд тэмдэглэ.
Маргааш хийж амжуулах ёстой чухал ажлуудаа орой орондоо орохоосоо өмнө гар утасныхаа “note” дээр бичиж тэмдэглэ. Учир нь та өдөр бүр хайртай дотны хүмүүстэйгээ утсаар холбогддог учраас хамгийн чухлуудыг нь тэмдэглэчихвэл мартахгүй, хаа ч явсан гаргаад харчихаж болно. Энэ нь цаг хугацаатай уралдах хялбар бөгөөд орчин үеийн бүсгүй таньд тохирсон шилдэг арга юм. Харин цаг хугацааны хувьд төдийлөн яаравчлаагүй ажлуудаа маргаашийн төлөвлөгөөнд оруул. Та робот биш учир амрах хэрэгтэй. Тэгээд зөвхөн чухал ажуудаа хийж, цаана нь үлдсэн цаг хугацаа таны “шагнал” учир өөртөө зориул. Гэхдээ өөртөө зориулж байна гээд гар утас, компьютер /тэр дундаа facebook/-г ихээр хэрэглэж болохгүй шүү. Facebook чиний амьдралын хэрэглээ болохоос бүх л өдөржин ширтдэг амьдрал чинь биш гэдгийг санаж, тархиндаа анхааруулга өгөөрэй. Үүний оронд өмнө нь хийхийг хүсдэг байсан ч, “завгүй”, “боломж гарсангүй” гэдэг үгний цаана нуудаг байсан хүслүүдээ хэрэгжүүл. Бялуу хийж сурна гэж боддог ч, нэг л болж өгдөггүй байсан уу? Эсвэл усан бассейнд явах гэсэн ч чаддаггүй байсан уу? Зөвхөн тухайн цаг мөчид хамгийн чухал гэсэн ажлуудаа хийгээд, өдрийн үлдсэн хугацааг өөртөө зарцуулчихвал, шөнө унтахынхаа өмнө өөрөөрөө бахархах болно.

4. Нууц “жор”-ыг биелүүлэх нь.
Харин одоо та цаг төлөвлөлтийн нууц жорыг мэдэж авсан учраас түүнийхээ дагуу өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээх нь чухал. Хэрвээ чадахгүй хийдүүлээд өөрийгөө хуураад байвал дахин эхнийхээ үе шат руу шилжинэ. Таны алт шиг цагийг хомслох гээд байгаа хэн нэг хүнд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй ихэнхи бүсгүйчүүд маань тэгэж хэлж чаддаггүйн улмаас цаг төлөвлөлт нь алдагддаг.

5. Амьдралын “ЗӨВ” хэвшил таньд үүдээ нээж байна.
Бүсгүй та өөрт таалагдсан залуутайгаа болзохдоо яарч сандран гарч яваад хамгийн хайртай туфльнийхээ өсгийг хугалахгүйн тулд зөвхөн чамд зориулсан цаг төлөвлөлтийн нууц жорыг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлбэл амьдралын “зөв хэвшил” таныг инээмсэглэн угтаж авах болно.

Энэ төлөвлөгөөг уншаад л өнгөрөх биш яг таг хэрэгжүүлээрэй. Тэгвэл аливааг цагийг нь тулгаж хийдэг, ажлаасаа үргэлж хоцордог зуршил чинь арилж цагны хойноос гүйцэх гэж зовох биш, харин цагтай уралдаж амьдарна.

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed