Сарын тэмдгийн эрүүл мэнд: Юу хэвийн, юу хэвийн бус вэ?

Чиний “биений юм” сар болгон тогтмол цагтаа, тогтмол хэмжээгээр ирдэг…гэтэл сая яагаад тэгсэнгүй вэ? Гэнэт л яагаад ч юм оройтож, эсвэл цагаасаа эрт, хэт ихээр эсвэл хэт бага хэмжээгээр ирэх, хааяа бүр өнжчих ч тохиолдол байдаг. Азаар, сарын тэмдэгтэй холбоотой ихэнх өөрчлөлтүүдийн шалтгааныг таамаглахад амархан:

Дусагнах:
Юу болоод байна?: Жирэмснээс хамгаалах эм ууж байгаа тохиолдолд сарын тэмдэг биш хэрнээ, багахан хэмжээний цус дусагнах явдал тохиолддог. Гэхдээ ийм асуудалтай тулгарч байгаа бүсгүйчүүдийн 99 хувь нь айлтгүй. Зарим бүсгүйчүүдийн хувьд овуляцийнх нь үеэр эстрогений хэмжээ огцом ихсэж буурсанаас үүдэн цус ганц нэг дуслаар гарч болно. Эстрогений түвшин өндөртэй бүсгүйчүүдийн савны хананд жирийнээс илүү эсүүд тогтсоноос үүдэж үе үе дуслын дайны цус гарч болдог. Энэ тохиолдолд секс хийсний дараа цус гарах шинж тэмдэг мөн илэрч болно.

Одоо тэгээд яах уу: Хэрэв чи жирэмснээс хамгаалах эм ууж байгаа, бас цус дусагнах нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа бол одооныхоосоо илүү өндөр тунтай эмээр солиод үзээрэй. Хэрэв чамд эдийн илүүдэл үүссэн гэж үзэж байвал эмчид үзүүлж, аюултай түвшнийх эсэхийг нь шалгуулах хэрэгтэй. Хэдийгээр магадлал багатай ч, секс хийсний дараа үргэлж цус гардаг бол савны хорт хавдрын шинжилгээ өгөхөд буруудахгүй.

Хэт их хэмжээгээр гарах: 
Юу болоод байна?: Сарын тэмдгээ дүрслэх гэтэл хамгийн түрүүнд хүчтэй усан хүрхрээ санаанд орж байна уу? Төрөлхөөсөө их хэмжээгээр ирдэг бүсгүйчүүд олон бий. Тиймээс санаа зоволтгүй. Гэхдээ хэрвээ чи ариун цэврийн хэрэглэлээ өдөрт таваас дээш удаа сольдог бол үүнийг “Аан, ингэж л байдаг юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй шүү. Чамд үтрээний хананд байрладаг фибройд маягийн хоргүй хавдар үүссэн байх магадлалтай. Энэ хавдар 30-аас дээш насныханд илүү элбэг тохиолддог. Цус их хэмжээгээр гарахаас гадна хэвлий, давсаг хавьцаа хүчтэй зүйлээр дарсан юм шиг өвдөх шинж тэмдэг илэрч болно. Маш ховор тохиолдолд цус бүлэгнэлтэнд саад учруулдаг Von Willebrand-ын цусны өвчин туссан байх магадлалтай.

Одоо тэгээд яах уу: Хэрэв чи цэвэрших хүртлээ “гол горхи шиг” их сарын тэмдгээ тэсвэрлэж чадна гэж бодож байвал тэр чигээрээ гүрийж болно. Учир нь эстрогений үйлдвэрлэл энэ хавдрыг тэжээдэг учраас цэвэршилтийн үед ихэнхдээ өөрөө шимэгдэж алга болдог. Эсвэл хэт авиан мэс заслын аргаар авахуулж ч болно. Гэхдээ энэ мэс засалд ч бас сул тал бий гэдгийг анхаараарай. Хэрэв чи Von Willebrand-ын өвчтэй байвал мэргэжлийн эмчээс эмчилгээний журам бичүүлж аваарай.

Хэт бага хэмжээгээр гарах: 
Юу болоод байна?: Хэрвээ сарын тэмдэг ирчихээд байхад л өдөр тутмын хэрэглэл хангалттай байвал “хэт бага” гэж үзнэ. Мөн л бага тунтай юм уу, дан прогестинаас бүрдсэн жирэмснээс хамгаалах эм чиний сарын тэмдгийн хэмжээг багасгаж байх магадлалтай. Гормонтой жирэмснээс хамгаалах эм уухгүй байгаа хэрнээ ингээд байвал чи бамбай булчирхайн юм уу өнчин тархины булчирхайн тэнцвэргүйжилд орсон байх магадлалтай. Үүнээс өөр шалтгаан гэвэл, Муллерийн гажиг буюу савны хэлбэр алдагдсан, онгон хальс битүүрч цус гадагшлахад саад учруулсан байж болно.

Одоо тэгээд яах уу: Хэрэв жирэмснээс хамгаалах эмийн нөлөөтэй гэж бодож байвал эмээ өөрчлөөд үзээрэй. Харин бамбай булчирхайны асуудалтай бол эмчилгээнд орох шаардлагатай. Эндокринилогийн эмчид эмэгтэйчүүдийн эрхтэнээ үзүүлж савны хэлбэр алдагдсан, онгон хальс битүүрсэн эсэхээ харуулаарай. Хэрвээ тийм байвал мэс засалд эртхэн орох ёстой шүү.

Мөчлөг тогтворгүйжих
Юу болоод байна?: Хэрэв чиний сарын тэмдэг ирэхгүй байвал жирэмслэлт, цэвэршилт гэсэн хоёр ерөнхий тайлбар байна. Гэтэл чи цэвэрших насанд хүрээгүй бөгөөд найдвартай хамгаалах арга байнга хэрэглээд байхад л юм ирэхгүй удаад байвал юу гэсэн үг вэ? Энэ тохиолдолд сэжиглэж болох шалтгаан хэдэн арав. Мөчлөг чинь тогтворгүйжсэн, өөрөөр хэлвэл 28 хоног тутамд ирдэг байснаа, 21, 35 болоод л тэгснээ буцаад 28 болох мэтээр өөрчлөгдөөд байвал тэр нь цэвэршилтийн өмнөх шат явагдаж байгаагаас үүдсэн байх боломжтой. Энэ нь бидний хүүхэд төрүүлж чадах нас дуусах тийшээгээ хандсан сүүлийн 5 жилд явагддаг зүйл. Мөчлөг алдагдахаас гадна үе үе бүх биеэр халуу оргиж, нойргүйдэж, ааш хувираад байвал гарцаагүй цэвэршилтийн өмнөх үе мөн.

Үгүй бол стресс, жин хасалт эсвэл огцом жин нэмэлт, зулбалт, савны гадуурх жирэмслэлт, өндгөвчний уйланхай (энэ үед үргүйдэх, жин нэмэх, үс ургалт нэмэгдэх, батгаших зэрэг шинж тэмдэг нэмэгдэж болно) , хоолны дэглэмийн өөрчлөлт зэргээс шалтгаалсан байж болно. Мөн төв мэдрэлийн системд нөлөөлдөг бүх эм мөчлөгт чинь нөлөөлж болзошгүй. Бамбай булчирхайн болон бодисын солилцооны өвчин, зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнүүд ч бас мөчлөгийн алдагдалд чинь хамаатай байх бололцоотой.

Одоо тэгээд яах уу: Хэрэв чиний мөчлөг хэвийн байснаа гэнэт тогтворгүйжсэн бол 3-аас илүү сар харалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй. Тэгэхгүй бол яаралтай эмчилгээ шаардлагатай эрүүл мэндийн асуудлыг тоохгүй өнгөрүүлээд байж мэднэ. Хэрэв цэвэршилтийн өмнөх үеийн тогтворгүйжил мөн бол сэрүүн газар унтаж, дасгал хийж стрессээ багасгаарай. Мөн гормоны тэнцвэргүйжилд орсон бол эмчийн заавартайгаар бага тунтай жирэмснээс хамгаалах эм ууж болно. Чиний тодорхой өвчинтэйгөө тэмцэхийн ууж байгаа эм энэ бүхэнд буруутай бол мөн л эмчтэйгээ зөвлөлдөөд найрлагынх нь төрлийг өөрчлөөрэй.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
Юу болоод байна?: Өвдөлтийн шалтгаан нь ихэнхдээ сарын тэмдгийг ирүүлэхийн тулд бидний биеэс ялгарах простагландин хэмээх бодистой холбоотой байдаг. Гэхдээ бүр тэсвэрлэхийн аргагүй өвдөж байвал энэ нь бүсгүйчүүдийн 7-10 хувь нь тусдаг эндометриосис хэмээх савны эд савнаас гадуур буюу аарцагны хавьд ургаснаас үүдэлтэй өвчлөл байж болно. Сарын тэмдэг ирэх үед бидний савны дотор хананы эдүүд ховхорч унан цус болж гардаг. Гэтэл эндометриосисийн үед савны гадуур ургасан эдүүдэд ч бас давхар ховхролт явагдана гэсэн үг. Тэндээс ховхорсон цус доошоо гарах боломжгүй учраас бидний хэвлий хэсэг рүү урсдаг бөгөөд энэ нь үрэвсэл үүсгэх магадлалтай. Эндометриосисийн үед сарын тэмдэг хэт их хэмжээгээр ирэх, хэт эрт ирэх шинж тэмдгүүд ч хавсардаг бөгөөд өмнө нь савны мэс засалд орж байсан юм уу, гэр бүлд нь үүгээр өвчилсөн хүн байвал тусах магадлал өндөртэй гэж үздэг.

Одоо тэгээд яах уу: Простагландинаас шалтгаалсан өвдөлтөнд ибупрофен, аспирин зэрэг өвчин намдаах эмнүүд ууж болох л юм. Мөн магни, цинк, кали зэрэг эрдэс бодисууд үтрээний булчинг суллах, простагландиныг хязгаарлах зэрэг үйлчлэл үзүүлдэг учраас өвдөлтийг багасгах нөлөөтэй. Гэхдээ өөрийнхөө биеийн байдлыг сайн мэддэг үедээ л эдгээрийг хоолны нэмэлт маягаар хэрэглээрэй. Жишээ нь магни л гэхэд цусны даралтыг огцом бууруулах үйлчлэлтэй учраас тэр. Простагландиныг хязгаарласнаар өмнөхөөсөө ч их хэмжээгээр ирж болно. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд их цусыг их өвдөлтөөс илүүд үздэг. Хэрвээ өвчин намдаах эм уухаар шийдсэн бол сарын тэмдгийн ирсэн өдөр хэрэглээрэй. Харин эндометриосистой болсон бол эстрогений хэмжээг багасгах гормоны эм ууж, мэс засалд орох хэрэгтэй.

Сарын тэмдэг “үл үзэгдэх” 
Юу болоод байна?: Хэрэв чи “мөчлөг тогтворгүйжих” хэсгийн бүх шалтгааныг уншсан ч яав ч биш байвал чи зүгээр л жирэмсэн болчихсон байж болно. Зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг хэт олон хоног ирэхдээ овуляцийн эхний өдрүүдтэй давхцах үе тохиолддог юм. Тэгэхээр сарын тэмдэг ирж байгаа хэрнээ үр тогтох магадлалтай өдрүүд эхэлсэн байж болно гэсэн үг. Жишээ нь чиний мөчлөг 21 хоног бөгөөд биений юм.

7 хоног ирдэг байлаа гэж бодъё. Тэгвэл чи хэдий сарын тэмдгээ дуусах үед нь секс хийсэн байлаа ч сперм бидний биед 72 цаг амьд байдаг учраас жирэмсэн болсон байж болно. Мөн цэвэршсэн хойно ч оройтож жирэмслэх тохиолдол байдаг. Тиймээс “Уг нь би” гэж бодолгүйгээр тестээр шалгаад үзээрэй. Гэнэтийн гайхалтай бэлэг хүлээж байгаа ч байж мэднэ. Мөн аялалаар явж орчин бөгөөд цаг солигдохоор, өвчлөхөөр, хэт их дасгал хийх, мансууруулах бодис хэрэглэх үед, ядаргаанд орсон, хоолны дэглэм өөрчлөгдсөн үед нэг сар өнжих тохиолдол байдаг.

Одоо тэгээд яах уу: Хэрвээ жирэмсэн болсон байвал эртхэн эмчийн хяналтанд орж өөрийгөө ээж болоход бэлдээрэй. Харин өөр шалтгаантай бол амьдралын хэв маягаа буцаад хэвийн болгох хэрэгтэй.