Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах тухай хачирхалтай асуулт хариулт

Тиймээ бид таны юу гэж бодсоныг мэдэж байна. Та жирэмснээс хамгаалах хэрэгслийн талаар хангалттай мэдлэгтэй гэдэгтээ итгэлтэй байна. Энд л гол асуудал нь байгаа. Таны хамгийн сайн найз чинь танд зөвлөгөө өгсөн байж болох юм. Гэхдээ хамгийн сайн найз чинь үүнийг хамаатнаасаа,vхамаатан нь бэр эгчээсээ, бэр эгч нь танилаасаа гэх мэтчилэн ам дамжсан байдаг. Ам дамжсан яриа нь хүнээс хүнд дамжих тусмаа нэмэлт хачир авч зарим нь орхигдсоноор огт үндэслэлгүй худал зүйл ч болж хувирч болзошгүй.


Одоо үүнийг засах цаг болсон. 9-р сарын 26 бол Дэлхий нийтээр Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг (ЖХЭХ) сурталчлах өдөр. Тэгэхээр ЖХЭХэрэгслийн талаар зөв ойлголт авч зарим буруу ойлголтыг зогсоох цаг нь болжээ.

Баримт №1Анх удаа бэлгийн хавьталд ороод жирэмсэн болж болно. Магадгүй та урд нь хэн нэгнээс анх удаа хүнтэй унтахад жирэмсэлдэггүй гэж сонсож байсан байж болох юм. Гэвч энэ нь худал. Жирэмслэхэд өндгөн эс болон эр бэлгийн эс байхад л хангалттай. Иймээс эхний удаа байна уу эсвэл 100 дах удаа байна уу огт хамаагүй та жирэмсэн болох боломжтой.

  1. Баримт №2 Гадуур нь тавих. Хэдийгээр гадуур нь тавих арга нь хамгийн эртний арга байж болох ч доорх 2 шалтгааны улмаас маш эрсдэлтэй. Эхлээд энэ нь маш нарийн мэдрэмж шаардсан асуудал 😛 Та яг зөв цагаа олохгүй бол ердөө хагас секунд алдахад л эр бэлгийн эс аль хэдийн эмэгтэйн биед орсон байх болно. Дараагийн асуудал нь хэрвээ та яг зөв цагаа оллоо ч гэсэн жирэмслэхгүй гэсэн үг биш. Учир нь сексийн явцад эрэгтэйгээс эр бэлгийн эс агуулсан шингэн ялгарч л байдаг байна. Тиймээс гадуур тавих арга нь жирэмснээс хамгаалах найдвартай арга биш.
  2. Баримт №3Сарын тэмдгийн үеэр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой. Хэдийгээр сарын тэмдгийн үеэр өндгөн эс бүрэлдэхгүй ч гэсэн энэ үед хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол эмэгтэй хүний биед орсон эр эс 6 хоногийн турш амьдрах чадвартай байдаг учраас сарын тэмдгийн үеэр ч жирэмслэх боломжтой байдаг байна.
  3. Баримт №4Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ-аас давхар сэргийлдэг цорын ганц бүтээгдэхүүн юм. Гэвч зарим хүмүүс бэлгэвч хэрэглэхийг хүсдэггүй. Учир нь тэд бэлгэвчийг мэдрэмж бууруулдаг уйтгартай эд хэмээн боддог. Харин ч эсрэгээрээ байнгын бэлгэвч хэрэглэдэг хос бэлгэвч хэрэглэдэггүй хосуудаас илүү олон секс хийдэг байна. Гол нь өөртөө тохирохыг л олж авах юм. Бас сонголт ч хангалттай болсон байна (Траст неон, траст плас, өнгөтэй, товруутай, үнэртэй г.м)
  4. Баримт №5Бэлгийн харьцаанд орсны дараа бие засах эсвэл угаавал жирэмсэлдэггүй гэж боддог эмэгтэйчүүдэд дуулгах таагүй мэдээ байна. Учир нь эр эсүүд гайхалтай хурдан сэлдэг. Таныг угааж амжихаас өмнө хэдэн сая эр эс аль хэдийн аюулгүй газарт очсон байх болно.
  5. Баримт №6Зарим эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эм хэрэглэх нь үргүйдэлд хүргэдэг гэж айдаг. Энэ нь ор үндэсгүй худал юм. Эмээ уухаа зогсоосноос 1 сарын дараа 5 эмэгтэй тутмын 1 нь, 3 сарын дараа 3 нь жирэмсэн болдог. Тэгэхээр та санаа зоволтгүй. Та жирэмслэх хугацаагаа өөрөө тааруулж чадна.
  6. Баримт №7Бэлгэвчийг хэзээ ч бүр хэзээ ч дахин хэрэглэж болохгүй. Бэлгэвч нь маш нимгэн материалаар хийгдсэн байдаг тул дахин хэрэглэх үед цоорч БЗДХ, хүсээгүй жирэмслэлтэнд хүргэж болзошгүй. Ер нь энэ талаар бодоод ч хэрэггүй.
  7. Баримт №8Тампон жирэмснээс хамгаалах хэрэгсэл биш. Тампон нь сарын тэмдгийн үед хэрэглэх зориулалттай учир эр бэлгийн эсийг зогсоож чадахгүй.
  8. Баримт №9Бүх байрлалын үед жирэмслэх боломжтой. Зарим хүмүүс зогсоогоороо юм уу эсвэл эмэгтэй нь дээрээ байрлалд дэлхийн татах хүчний тусламжтайгаар жирэмслэхгүй хэмээн боддог. Гэвч энэ нь худал. Эмэгтэйн биед орсон эр бэлгийн эс яг л сансарт байгаа сансрын нисгэгч мэт татах хүчний нөлөөлөлд ордоггүй. Тэд баруун зүүн дээшээ доошоо гээд хаашаа л бол хаашаа явах чадвартай. Иймээс та ямар ч байрлалаар секс хийсэн бай жирэмслэх боломжтой.
  9. Баримт №10Ухаалаг утасны программууд сарын тэмдгийн мөчлөгийг зөв тогтоож чаддаггүй. Зарим эмэгтэйчүүд ухаалаг утасны программ ашиглан жирэмслэх магадлалаа тогтоохыг оролддог. Гэвч энэ чинь зөвхөн программ учраас таны биен дотор чухам юу болохыг мэднэ гэдэг худлаа. Зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүй байдаг. Энэ нь сар болгон жирэмслэх магадлалтай өдрүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Мэдээж программ энэ бүхнийг бүрэн тооцоолж чадахгүй.
  10. Жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр
    2014 оны 9 сарын 26
    2007 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд дэлхийн 70 гаруй орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус 12 байгууллага нэгдэн ороод байна.
    Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр нь залуучуудад жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнддээ зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байх учиртай гэдгийг ойлгуулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
    Өнөөдөр дэлхийн сая сая залуу эмэгтэйчүүд жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэх боломжгүйн улмаас тэдний эрүүл мэнд, амь нас аюулын ирмэгт байна. Дэлхий даяар жилд 208 сая эмэгтэй жирэмсэлж байгаагийн 41% буюу 85,2 сая нь хүсээгүй жирэмслэлт болж тэдний бараг тал хувь нь үр хөндөлт хийлгэдэг байна.
    Хүсээгүй жирэмслэлттэй холбоотой нас баралт дэлхий дээр өсвөр насныхан болон залуу эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд жилд 15-19 насны 16 сая орчим охид, эмэгтэйчүүд дээрх шалтгаанаар хорвоог орхиж байна.
    Мөн бэлгийн замаар дамжих халдвар ч өсвөр насныхан, залуучуудын дунд харьцангуй өндөр тархалттай байгаа. Нийт нөхөн үржихүйн насны хүн амын дунд 15-24 насны залуучууд 25% орчмыг эзэлдэг боловч нийт БЗДХ-аар өвчлөгсдийн 66% нь тэдгээр залуучуудын дунд тохиолдож байна.
    2014 оны байдлаар Монгол улсад үр хөндөлтийн 18,145 тохиолдол бүртгэгдсэн байна. Үр хөндөлт өмнөх оныхоос 2517 тохиолдлоор буюу 13.8 хувиар өссөн байна.
    Хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 553-аар буюу 3.0 хувиар өссөн байна. Эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насных 6.6 хувь, 20-34 насных 69.3 хувь, 35-49 насных 23.7 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь төрөөгүй ба анх удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оны мөн үеэс 4480 тохиолдлоор буюу 24.7 хувиар өссөн ба үр хөндөлтийн хүндрэл 133 тохиолдол бүртгэгджээ.
    Нөхөн үржихүйн насны /15-64 насны/ 1000 эмэгтэйн 549.0 нь ямар нэг жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн аргыг хэрэглэдэг байна.
    Манай орны хувьд ч жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн тухай ойлголтыг зөвхөн насанд хүрсэн хүний асуудал хэмээн үзэх хандлага байдаг. Энэ бол тийм биш өсвөр наснаасаа эхлэн үнэн зөв мэдээлэлтэй болох нь чухал юм. Иймд одооноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ЖХЭХ мэдээллийг хүргэх, хичээлийн хуваарьт нь оруулах мөн ЕБС-н эмч нарын мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх шаардлага урган гарч байна.
    Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл, бэлгэвч, тариа зэрэг орчин үеийн хамгаалах хэрэгслийг найдвартай, тогтмол тасалдалгүй хангаснаар эмэгтэйчүүд болон хосуудад хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ шийдэхэд нь туслах юм. Залуучууд жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн сонголтуудын талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй болсоноор зөв цагт жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийг үр дүнтэйгээр зөв хэрэглэж чаддаг болох ба эрсдлээс өөрсдийгөө хамгаалах чадвартай болох юм.
    Мари Стопс ОУБ нь дэлхийн 40 гаруй орны эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, тус орнуудад жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн ханган нийлүүлэлтийг мөн хариуцаж байна. Мари Стопс ОУБ-ын хөтөлбөрүүд нь хосуудад жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэлийн сонголт хийх болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь тусалдаг. Үүний үр дүнд жил бүр олон сая хүний амь насыг аюултай байдлаас аварч тэдэнд нөхөн үржихүйн эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Зарим нэг бодит тоо баримтаас дурьдвал:
    Мари Стопс Интернэшнл
    • Мари Стопс ОУБ өдөрт 44 эмэгтэйн амь насыг аварч байна
    • 2014 онд 18,1 сая хос Мари Стопс ОУБ-аар дамжуулан жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглэсэн байна
    • 2014 онд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ 5,4 сая хосыг хүсээгүй жирэмслэлт, 16100 эхийн эндэгдэл, 3,9 сая аюултай үр хөндөлтөөс сэргийлсэн тоо баримт бүртгэгдсэн байна.
    Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
    “Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр” компанит ажлын талаар www.Your-Life.com –сайтад зочилно уу.
Facebook Comments
No Comments Yet

Comments are closed