“Ази” нүдэнд зориулсан будалтын хичээл

Зөв л будах юм бол, чиний давхраа хийлгэхийг хүсдэг онигор жижиг нүд хичнээн нууцлаг, дур булаам, секси гээч! Ази нүдэнд зориулсан нүд будалтын арга барилуудыг уншиж, Монгол “make up guru” Н.Маралаагийн хичээлээс өдөр тутмын будалтандаа жишээ аваарай.

Тосон, гелэн контур хэрэглэх. Ердийн контураас илүү тосон, гелэн контур нь будахад хялбархан, тогтоц маш сайн байдаг. Нүдний арьсанд уусаж илүү аятайхан харагдуулдаг. Дорнын жижиг нүдээ хүссэнээрээ томруулж будахад чинь тосон контур зөв сонголт болно.

Контур зохидоггүй бол. Хэрвээ контур нүдийг чинь хэтэрхий хурц, эсвэл жижиг харагдуулаад байдаг бол ташуу хэлбэртэй нимгэн хавтгай багс, тень хоёрыг ашиглан нүдээ хүрээлж болно. Нүднийхээ дээд хүрээг будахдаа хоёр талаар нь нарийн, гол хэсэгт нь арай зузаан будаарай. Харин доод хэсгээ хүрээлэхдээ гаднаасаа дотогшоо чиглэлээр нүднийхээ 3/2 хүртэл л хүрээл.

Сормуусны чийгшүүлэгч хэрэглэх. Ази нүдний сормуус ихэвчлэн шингэн байдаг учраас чийгшүүлэгчийг гол будгийнхаа өмнө түрхвэл сормуусыг илүү өтгөн болгохоос гадна хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэж өгдөг.

Зовхины яг голын хэсгийг илүү зузаан бөгөөд дээшээ өргөж буд. Голын хэсгээ зузаан бөгөөд дээшээ чиглэлтэй өргөн будах нь нүдийг илүү томруулж, онигор нүдийг бөөрөнхий хэлбэртэй харагдуулахад туслана.

Доод зовхи, сормуусаа ч бас бүү март. Дан ганц дээд талын зовхи, сормуусаа будах хангалтгүй. Доод зовхио бүдэгхэн хүрээлж, сормуусаа хөнгөхөн будаж байгаарай. Мөн заавал сормуус дэрвийлгэгч хэрэглэ. Ингэх нь сормуусыг чинь чиний нүдийг дарахаас сэргийлж, нээж томруулж харагдуулдаг.

Сормуусны будаг авахдаа…Уртасгадаг, өтгөрүүлдэг хосолмол үйлчилгээтэй юм уу, үгүй бол дан өтгөрүүлдгийг аваарай. Ази нүдний сормуус уртаас илүү өтгөн байх нь илүү дур булаам болгодог.

Смоки будалт. Энэ будалт нүд болон хөмсөг хоорондох зай ойрхон байрласан хүмүүст зохидоггүй. Илүү хол байх тусмаа сайхан харагдана. Смоки будалтыг өөрийнхөө нүдний онцлогт тохируулж сонгох эсэхээ шийд.

Гаднаас нь дотогшоо. Хүмүүс ихэвчлэн нүдний хүрээлэгч, тенийг дотроос нь гадагшаа чиглэлээр буддаг. Гэхдээ Ази нүдний хувьд аль алинийг нь гаднаас нь дотогшоо чиглүүлж будвал нүд томорч харагддаг талтай.

Нүдний дотор хэсгийн хүрээг харлуулж будах хэрэггүй. Энэ будалт нүдийг жижигрүүлж харагдуулдаг учраас ази нүдэнд тохирохгүй. Харин оронд нь нүдний гаднах хүрээг илүү тодруулан будаарай.

Цагаан өнгийн нүдний харандаа ашиглах. Дээр хэлсэнчлэн нүдний дотор хүрээг хараар биш цагаанаар будвал нүдний алимны цайвар хэсэг тодорч, хэмжээ нь томорч харагддаг.

Хөмсгөө цайруул. Хөмсгөө үснээсээ нэг тон цайвар өнгөөр будах нь нүдийг томруулж харагдуулах бяцхан заль.

Нүдийг хүнхэр болгохын тулд. Давхрааны хэсгээ цайвар өнгөөр будаж, нүдний алимны хамгийн дээд хэсгийг бараан өнгөөр нумруулж будах юм бол нүд хүнхэр юм шиг том харагддаг.

охидын найз, нүүр будалтын артист Н.Маралаа өөрийнхөө өдөр тутмын будалтын арга барилаасаа хуваалцаж байна.

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed